1989 онд АНУ-д хэвлэгдсэн нэгэн ном хэдхэн жилийн дараа дэлхий дахинаа шуугиан тарих юм гэж зохиогчид нь огтхон ч төсөөлөөгүй байсан гэлцдэг. Түүх, нийгмийн ухааны доктор Чета Сноу, сэтгэл судлаач, доктор Хелен Вомбах нарын хамтран бичсэн “Ирээдүйн тухай зөн совин”
Блогын бичлэг
хэмээх энэхүү номондоо ховсдох аргаар далдыг харагч, үзмэрч гэгдэх хүмүүсийн ярьсан хэлсэн зүйлүүдийг цуглуулан, түүн дээрээ түшиглэн хэдэн жилийн турш шинжилгээ судалгаа хийж, тун сонирхолтой гэмээр дүгнэлт гарган олон нийтэд барьжээ. Ингээд уг номын тухай мөн түүнд тусгагдсан зарим нэг судалгааны сонирхолтой баримтыг уншигч олондоо хүргэе.
Энэ ертөнц XXI дүгээр зууны сүүлч гэхэд
Юуны өмнө 1989 онд уг номыг зохиогчид ойрын ирээдүйд гал усны элдэв сүйрлийн хэмжээ цар хүрээнийхээ хувьд хэн хүний санаанд оромгүйгээр тэлэх бөгөөд юуны түрүүнд цаг уур огцом өөрчлөгдөж, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтийн улмаас АНУ-ын баруун эрэг орчмын үлэмж газар, Япон улсын зарим хэсэг усанд автана гэсэн байдаг. Энэхүү байгалийн гамшиг нь араасаа зөвхөн хүний цус нулимс дагуулах бус эдгээр орны эдийн засгийн өсөлт огцом унана хэмээжээ. Мөн зарим нэг улсад төрийн эргэлт гарч, цөөнгүй улс гүрний дотоодод нийгэм эдийн засаг, улстөрийн хямрал нүүрлэхийн зэрэгцээ нэг хэсэг орон хоорондоо дайтах болно гэсэн байна.
Ингэхэд уг ном гарснаар хүмүүс ертөнцийн хэрэг явдлыг огт өөр өнцгөөс харах болов. Бас энэхүү хүний оюун санааны чанадад нэвтрэхийг оролдсон бүтээл гарсны дараахнаас эхлэн үнэхээр дэлхийн цаг уур үлэмж хэмжээгээр дулаарч, агаар мандал дахь нүүрсхүчлийн хий ч зохих хэмжээнээсээ хэтрэн улмаар хөлдөлт, дулааралтын харьцаа алдагдаж эхэлсэн байна. Ингэснээр зарим гол мөрөн эргээсээ халин үер усны аюулыг араасаа дагуулж эхэлсэн бол зарим нь ор мөргүй ширгэн ган гачгийг даллан дуудах болжээ.
Мөн номонд өгүүлснээр газар хөдлөлтийн тоо жилээс жилд олширч, аль эрт сөнөсөн хэмээн тооцогдож байсан галт уулууд сэргэж эхэлнэ гэсэн таамаг эдүгээ батлагдсан бөгөөд хамгийн хачирхалтай нь аугаа их Зөвлөлт гүрэн энэ зуунд задарч, тус улсын нутаг дэвсгэр дээр 15 бүгд найрамдах улс үүснэ гэсэн үзмэрчдийн нийтлэг гэмээр зөгнөл ёсоор болсон явдал юм. Тэрчлэн Сноу, Вомбах нарын номонд өгүүлсэнээр тэдний судалгаанд хамрагдсан ихэнх үзмэрч, далдыг харагчид энэ ертөнц өөрийнхөө бий болгосон бүхнийг аажим аажмаар хөнөөж, XXI дүгээр зууны сүүлч гэхэд дэлхийн хүн амын үлэмж хэсэг мөхөх болно гэсэн байх аж.
Нүдээ анин хэвтэж байгаад...
Энэ бүхнээс ургуулан бодож үзвэл Библийн шинэ гэрээнд өгүүлдэгчлэн энэ зуун ертөнцийн мөхлийн зуун байж болох эсэх, эсвэл хүн төрөлхтөн хамтын хүчин чармайлтын үр дүнд ирж буй аюулыг зайлуулж дөнгөнө гэсэн хоёр салаа замын уулзвар дээр хүссэн хүсээгүй ирсэн байна. Тэгвэл эхлээд уг ном хэвлэгдсэнээс хойш 13 жил өнгөрсний дараа буюу 2002 онд Америкийн сэтгүүлч Линда Хау, Чет Сноутай уулзаж түүний судалгаанд хамрагдсан хүмүүсийн таамаглал хэлсэн зүйлүүд хэр биелэгдэх үндэслэлтэй вэ гэсэн асуултад хэрхэн хариулсныг сонирхоцгооё.
Тэрбээр “Хоёрхон зам бий. Нэг бол нүдээ анин хэвтэж байгаад ертөнц жам ёсоороо мөхөхийг хүлээх, эсвэл хүн төрөлхтөн хөгжлийнхөө чиг баримжааг нэгтгэн, хамтын хүчээр энэ аюулаас гарах” хэмээжээ. Мөн хамгийн чухал нь ийм сэтгэхүй нийт хүн төрөлхтөнд аль болох түргэн хугацаанд суусан байх шаардлагатай гэсэн байна. Зөвхөн энэ тохиолдолд л бид бүхэн тэрхүү ном сударт өгүүлээд, бас бидний судалгаанд хамрагдагсдын ховсдуулсан үедээ ярьсан энэ дэлхий 2012 онд сөнөнө гэсэн таамгаас зайлах боломж бий гэжээ.
Үл ойлгогдох геометрийн дүрсүүд
Ингэхэд доктор Сноу тун зүгээр суудаггүй нэгэн гэнэ. Тэрбээр өнөөд рийг хүртэл хүн төрөлхтөний өмнө тавьсан онсьсого болоод байгаа энд тэндэхийн тариалангийн талбай дээр үүсэн бий болсон геометрийн тэгш хэм бүхий зургийг судлах ажилд ханцуй шамлан оржээ. Ийм зураг дэлхийн хэд хэдэн оронд бий. Сноу зургийг дээд тэнгэрээс илгээсэн дэлхийн түүхийн тухай мэдээлэл гэж үздэг ба түүнийг ганцхан бидний оршин буй материаллаг ертөнцийг удирдан зохицуулдаг математик хуулийн хүчээр л тайлан уншиж болно гэсэн байна. Тиймээс уг докторын судалгааны ажилд салбар салбарын нэрт эрдэмтдээс гадна далдыг хардаг гэгдэх хүмүүс ч өргөн хүрээтэй хамтран ажиллаж байгаа аж.
2001 оны наймдугаар сард Чилболтоны Хэмпшир мужийн эдлэн газрын ойролцоох Сансар судлалын станцын бараг дэргэд шахам орших тариалангийн талбайд зургаа хоногийн зайтай хоёр аварга том зураг гэнэт бий болсон байдаг. Эхнийх нь 26х61, нөгөөх нь 49х55 метрийн харьцаатай. Зургийн эхнийхэд нь “Дүрс” нөгөөхөд нь “Нүүр” гэсэн нэр өгчээ. Хемпшир мужийн Саутси хотын Байгалийн хачин сонин үзэгдлийг судлах үндэсний төвийн захирал Пол Вайгаугийн ярьж байгаагаар асар өндрөөс хийсэн “Дүрс”-ийн зураг түүнд аль хэзээний танил гэсэн нь олны анхаарлыг тун татсан юм. Тэрбээр зөвхөн танил гээд зогссонгүй, энэхүү дүрс нь 1974 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр манай дэлхийгээс 23 000 гэрлийн жилийн тэртээ орших М13 хэмээх бүлэг одны зүг илгээсэн зураг мөн байна хэмээн мэдэгдсэн нь олон хүнийг жинхэнэ ангайлгахад хүргэсэн билээ. Энэ зургийг Пуэрто-Рико хотын Аресибо хотод орших АНУ-ын Одон орныг судлах төвөөс илгээсэн нь үнэн. Харин түүний хариу болгож нөгөө ертөнц буюу харь гаригийн хүмүүс тэрхүү “Дүрс”-ийг илгээжээ гэж Пол Вайгау дүгнэсэн байдаг.
Тэгвэл “Дүрс” энэ дэлхийд хүрч ирсэнээс хойш яг нэг жилийн дараа буюу 2002 оны наймдугаар сарын 14-ны өдөр мөн л энэхүү Хемпшир мужийн Винчестер хотын ойролцоо орших тариалангийн талбайд эргэн тойрон элдэв тэмдэг бүхий хүн хэлбэрийн дүрс мөн л гэнэтхэн бий болсон байна. “Дүрс” нь ерөнхийдөө паспортын зураг маягтай, хүрээгээр эмжээрлэгдсэн байх агаад түүний доод захад нь яг паспортын зурган дээр тамга дардаг шиг дугуй дүрс гарсан байдаг. Мөн хэмжээ нь 76х110 метр аж.
Уг дүрсийг хамгийн анх хувийнхаа онгоцоор зугаалж явсан мэргэжлийн зурагчин Люси Прингл харж зургийг нь дарсан гэлцдэг юм.
Тэрбээр нэлээд олон кадр дарсан төдийгүй тэр өдөртөө Пол Вайгуатай холбоо барин дээрх зүйлийн талаар мэдээлжээ. Мөн үүнийг дуулаад сэтгүүлч Линда Хау ч тэр дороо Европыг зорин гарсан гэдэг. Ингээд харь гаригийнхний илгээсэн гэх нэрийг одоохондоо аваад байгаа уг зургийг нарийвчлан судлах ажилд эрдэмтэн мэргэдээс гадна энгийн хүмүүс хүртэл оролцож эхлэв. Тэдний нэг Америкийн иргэн Ричард дугуй дотор байгаа үсэг тэмдэгтийг төвөөс нь цагийн зүүний дагуу унших хэрэгтэй гэдгийг хэлээд өөрөө нууц түлхүүр тайлагч хамгийн дээд зэргийн мэргэжилтний хувьд орчуулгын хувилбараа илгээсэн байдаг. Ричард “Хуурамч бэлэг түгээгчид болон гажиг амлалтуудаас болгоомжил. Асар их зовлон, алдсан цаг хугацаа / нэг үсэг нь балархай байна./. Тэнд аз жаргал эд баялаг бүхэн бий. Бид худал хуурмаг бүхний эсрэг зогсдог. Мэдээллийн суваг хаагдлаа” гэж тайлан уншсан байлаа. Үүний дараа Ричардаас өөр бас нэгэн нууц түлхүүр тайлагч тэрхүү балархай байна гэсэн тэмдэгтийг тайлж унших оролдлого хийжээ. Гэтэл энэ нь балархай үсэг биш харин “ EFLRJUE” хэмээх үг бөгөөд тэрхүү “аз жаргал, эд баялаг бүхэн” байгаа гаригийн нэр хэмээн үзэв. Тиймээс энэ дүрсийг илгээгчид тэрхүү гариг дээр амьдардаг гэсэн дүгнэлтийг хийжээ.
Энэхүү тайлал анхных биш. 1991 онд Английн судлаач Жон Мичел Уилтшер гүнгийн эдлэн газар орших Элтон Барнс хотын ойролцоох тариан талбай дээр 20 орчим дүрс тэмдэг бий болсоныг анх харж, улмаар түүнийг тайлан унших оролдлого хийсэн байна. Ингээд эцэст нь “Би худал хуурмаг бүхнийг өөртөө агуулсан элдэв араншинг эсэргүүцэж байна” гэсэн хачирхалтай өгүүлбэрийг гаргаж авчээ. Эдгээр зураг гэхэд зураг биш, үсэг тэмдэг гэхэд бас хэцүү дүрсүүд нь геометрийн талаас авч үзвэл дэндүү тэгш хэмтэй байсан нь гайхалтай хэмээн үздэг. Мөн түүнийг тойрсон хэл ам ч тасардаггүй. Ялангуяа үл гүйцэлдэх үзлээр нэвт өвчилсөн хүмүүсийн хувьд түүнийг ямар нэг харь гаригийн илгээлт гэхээсээ илүү хэн нэгний зориуд зохион байгуулалттайгаар хийсэн үйлдэл гэж үзэх нь бий. Харин эдгээр дүрсэнд бидний зүгээс үзүүлсэн нөлөө огтхон ч алга гэдгийг шинжлэх ухааны нэр төртэй байгууллагууд баталсан байдаг нь бас нэг хачирхал.
Тэгээд ч ганцхан шөнийн дотор бүхэл бүтэн нэг га газрыг хамарсан том “зургийг” орчин үеийн хамгийн дээд зэрэглэлийн техникээр ч гүйцэтгэх боломжгүй гэдэг нь хэн бүхэнд тодорхой байдаг. Энэ бүгдийг эрдэмтэд юу гэж тайлбарладаг вэ гэхээр бид олон хэмжүүр бүхий орон зайд амьдарч байгаа бөгөөд энд хүний нүдэнд үзэгдэх хийгээд үл үзэгдэх биетүүдийн мөнхийн тэмцэл явагдаж байдаг гэсэн санааг нэгдмэл маягаар гаргадаг юм. Өөрөөр хэлбэл, сайн муу хоёр таныг байнга дагаж явдгийн адил ертөнц ч гэсэн агуулгынхаа хувьд эдгээр биетүүдийн өрсөлдөөн дунд оршин тогтнож байдаг гэсэн дүгнэлт хийдэг гэсэн үг.
Нээрээ ч хар ухаанаар бодоод үзэхэд л эрт дээр үеэс зарим үндэстэн аливаа нэг чухал үйлийг хийхийнхээ өмнө зүүн мөрөн дээгүүрээ гурвантаа нулимаад сая ажилдаа ордог уламжлал одоо ч гэсэн хадгалаастай байгаа. Энд юу гэх гээд байна вэ гэхээр таны зүүн мөрөн дээр нөгөө муу үйлийг хийлгэгч сууж байгаа бол баруун мөрөн дээр чинь сайн бүхнийг тэтгэгч мөнхөд байдаг гэсэн үг юм. Манайд ч ялгаагүй, “түй, түй, түй” хэмээн домнодог ёс бас байдаг шүү дээ.
Энэ мэтчилэн “Ирээдүйн тухай зүүд совин” хэмээх номд өгүүлсэн сонин хачин тун их. Мөн түүнд багтсан зөн совин, таамаглалуудаас биелэгдсэн нь ч маш олон. Ялангуяа “2000 дахь жилийн гол асуудлууд” хэмээн нэрлэгдсэн, олон улсад “Асуудал Y&K” гэж томьёологдсон таамаглал нь бүрэн биелэгдсэн гэж тооцогддог. Мөн бас ашгаа ч өгсөн гэлцдэг юм. Гурван 9 давхацсан 1999 он болон гурван 0 давхацсан 2000 онд дэлхийн бүх компьютерүүд гэнэт жагсаалаас гарах магадлалтай гэсэн таамгийн дагуу урьдчилсан бэлтгэлтэй байсны үр дүнд ийм аюулд өртөхөөс сэргийлж чадсан гэж үздэг. Түүнээс гадна терроризм урьд хожим байгаагүйгээр цар хэмжээнийхээ хувьд өргөжиж, араасаа улам их гай гамшгийг дагуулах болно гэсэн таамаглал буюу манайхаар бол “галзуу, солиотой” хүмүүсийн яриа эдүгээ биелэлээ бүрэн олоод байна.
Тухайлбал 2001 онд терористууд дөрвөн онгоц агаарт барьцаалж, Нью-Йоркийн хоёр өндөр, Пентагон руу довтоллоо. Үүний уршгаар 1000 хол давсан хүн амь үрэгдсэнийг бид мэднэ. Мөн тэр жил Афганистан, Иракийн дайн дэгдлээ. 2003 онд Зүүн өмнөд Азид урьд өмнө анагаахын шинжлэх ухаанд огтхон ч бүртгэгдээгүй байсан аюултай халдварт ханиад дэгдэж, 33 орны 7000 хүнд халдварлан түүний 506 нь амь үрэгдлээ. Бас Европын цаг агаар гэнэт асар их дулаарч, зөвхөн Францад 11,5 мянган хүн наранд цохиулан нас барав. Энэ бүхнийг дээрх хүмүүсийн таамаглалтай холбон үзэхгүй байхын аргагүй. Яагаад гэхээр уг номд 1990-ээд он бол энэрэнгүй жилүүд, 1998-2012 он хүртэл хүн төрөлхтөн бөөн бөөнөөрөө үхэхийн зэрэгцээ харь гаригаас асар хүчтэй “зочин” ирж манай дэлхийн зарим хэсэг сөнөнө гэсэн таамгийг газар газрын “галзуучууд” хоорондоо үгссэн юм шиг хэлдэг нь дэндүү хачирхалтай.
Мөн одон орон судлаачид болоод энэ салбарт эрдмийн ажил хийдэг газар газрын эрдэмтэд ч ойрын ирээдүйд асар том солир дэлхий дээр унах аюул бий гэдгийг үгүйсгэдэггүй. Ингэснээр дэлхийн соронзон туйл өөрчлөгдөх магадлал тун өндөр хэмээдэг. Тэрчлэн 2004 оноос далд явагдаад удаж байгаа биологийн дайн хяналтаас гарч, хүн төрөлхтөнд урьд нь бүртгэгдэж байгаагүй ханиад томуу элбэгшинэ гэсэн нь бий. Нэрээ ч Азийн ханиаднаас гадна одоогийн шувууны ханиадны учрыг эрдэмтэд нэг л сайн олж чадахгүй байна шүү дээ. Өнөөдөр л гэхэд Европт цасан шуурга дэгдэж, Хятадад ган гачиг нүүрлэж байхад Австрали асар их үерт автжээ.
Дэлхий 2012 онд яах вэ
Уг номонд дэлхийд хуримтлагдсан химийн бодис ихэвчлэн гол усанд шингэснээр байгаль дэлхий сөнөх мөхөхийн гол шалтгаан болж байна гэдгийг анхааруулсан байна. Мөн одоо л хүн төрөлхтөн энэ бүхнийг ойлгож, дайн байлдаан элдэв туршилтаа зогсоохгүй бол хожимдоно гэсэн байдаг. Хэрвээ бид цаг алдвал харь гарагийнхан арга хэмжээ авч, дэлхийн зарим хэсгийг сөнөөх үйлийг хийх болно гэжээ. Хачирхалтай нь дэлхий сөнөх шатандаа эргэлт буцалтгүй орох хугацааг бүгд 2012 он гэсэн байдаг нь өөрийн эрхгүй уншигчдын анхаарлыг татдаг. Тэгээд ч 2012 он энэ дэлхийн хувьд жинхэнэ өөрчлөлт, хувьсалын он байх болно гэдгийг алдарт Нострадамусаас авахуулаад тун олон үзмэрч тэмдэглэн хэлсэн байдаг шүү дээ. Бас зурхайчид ч санал нэг байдаг. Энэ үед Загасны эрин дуусч, Хумхын эрин эхлэх ажээ.
Ямартай ч дэлхий нийтэд шуугиан тариад байгаа уг номд эдгээрийг өгүүлжээ. Авах, гээхийн алаг хорвоо гэгчээр итгэх, эс итгэх нь уншигч таны хэрэг мөн боловч байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн байгаа орчноо хамгаалах хэрэгтэй гэсэн нэг үг та бүхний чихэнд өөрийн эрхгүй шивнэгдэж байгаа гэдэгт итгэнэм. “Нэг юм хэлээд байгаа юм биш үү” хэмээн бид өвөр хоорондоо ярилцдагтай яг адил гэсэн үг л дээ.

Намайг листендээ нэмэх бол энд дар

Сэтгэгдэлүүд:
iimerhuu sonirholtoi davtamjtai zuils bolood l baina daa, 2012 oniig l huleegeed baina uu, ha ha
амжуулнаа
Сэтгэгдэл үлдээх: